“Сахар” номын тэмдэглэл || 2021 book challenge #6

Michelle Elleh
2 min readMar 14, 2021

--

Сэтгүүлч, шим тэжээл судлаач Л.Энхзул “Сахар”

Төрөл: эрүүл мэнд

Rate: 5/5

Сахар, нэмэлт чихрийн талаар маш дэлгэрэнгүй, ойлгоход дөхөм, судалгаа шинжилгээн дээр тулгуурлаж бичсэн сайн ном болжээ. Би өөрийгөө энүүхэндээ л эрүүл хооллодог, эрүүл амьдралын хэв маягийн ач холбогдолыг ойлгодог, супермаркет, дэлгүүрээс худалдан авалт хийхдээ аль болох бүтээгдэхүүний шошго, орц найрлагыг нь уншиж судалж ухаалаг сонголт хийхийг хичээдэг нэгэн гэж боддог боловч сахарын тухай, ялангуяа нуугдмал сахарын сөрөг үр дагаварыг бас л тооцоолдоггүй байснаа ойлголоо. Кофе авахдаа сахарын сироп нэмүүлнэ, халуун өдрүүдэд sugar-free кола ууж, мөн зарим өглөө залхуурсандаа cereal иддэг. Энэ болгоны цаана нүдэнд үзэгдэхгүй нуугдмал сахарыг хэрэглэж байснаа олж анзаарлаа. Энэ мэт жижиг хирнээ бидний анзаардаггүй үйлдлүүд маань он жил өнгөрөх тусам маш олон өвчний суурийг тавьж байдаг гэнэ.

Нэмэлт чихрийн хэрэглээ нь зуршил болж, өөрөө ч мэдэлгүй чихрэнд донтсноор амны хөндийгөөс авахуулаад ясны сийрэгжилт, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг, элэгний үйл ажиллагаа, хэвлийн өөхлөлт, мөн бидний арьсны хөгшрөлтөнд хүртэл нөлөөлдөг байх нь. Мөн миний сүүлийн үед санааг минь чилээж, үр бүтээмжийг минь бууруулж буй нойрны асуудал нь нэмэлт чихрийн хэрэглээтэй нягт холбоотой гэдгийг энэ номноос мэдэж авлаа. Нойр чихрийн хэрэглээ хоёр нь яг л тойрог мэт бие биедээ нөлөөлж, биеийн био хэмнэлийг алдагдуулдаг юм байна. Оройтож боссон хүн лазагнаж, бие нь эрч хүчээ сэлбэхийн тулд цаанаасаа нүүрс ус шаардаж, кафейн агуулсан ундаа, хэт боловсруулсан хоол хүнс хүсдэг. Ийм хоол хүнсээр аргацаасан бие орой гэнэт сэргэж, сэргэлэн цовоо болмогц энэ нь цаашлаад оройтож унтахад хүргэдэг. Ингэж явсаар нойрны дутмагшилд орж, нойр хасагдахад өлсөх мэдрэмж төрүүлдэг грелин дааврын хэмжээ дагаад ихэсдэг байна. Грелиний хэмжээ өссөнөөр идэх хүсэл улам нэмэгдэнэ. Харин эсрэгээрээ чанартай, бат бөх, зөв нойр нь хүнд эрүүл, сайн хүнс сонгох сэдлийг төрүүлдэг байна.

Сайн унтаж амрах, стрессийн түвшинг бууруулах, дасгал хийх, хоолны сонголтоо сайжруулах нь эрүүл амьдралын хэв маягийн 4 арга зам юм.

Энэхүү номыг уншиж эхлээд үндсэн хооллолт дундуур иддэг зууш, snack-уудаа багасгаж, coffee shop-д ороод кофе захиалахдаа сахаргүй уух зэрэг зуршлыг өөрийн мэдэлгүй бий болгож байгаагаа анзаарсан юм. Эрүүл мэндийнхээ төлөө хөрөнгө оруулалт хийн эрүүл мэндийн холбогдолтой ном уншиж, жижиг хирнээ эрүүл зуршлыг бий болгож байгаад минь ирээдүйн бие минь талархана гэдэгт итгэлтэй байна~

--

--

Michelle Elleh

Mongolian girl who loves Skin care, Books, Tech, Life hacking, Productivity, Travel, Fitness, Healthy Lifestyle. On top of that I am deeply connected to music.