“Цойлогсод” номын тэмдэглэл || 2021 book challenge #4
Д.Бүжинлхам “Цойлогсод” — Еврейчүүдийн Амжилт, сэтгэлзүй, зуршил, хүмүүжлийн гайхамшигт нууцаас суралцахуй
Төрөл: Хувь хүний хөгжил
Rate: 4/5
Дэлхийн хүн амын ердөө 0.2%-ийг эзэлдэг Еврей үндэстэн дэлхийн баячуудын 25%, нобелийн шагналтнуудын 22%-ийг эзэлдэг. Түүгээр ч барахгүй дэлхийн нийт хүн амын 1%-д нь ч хүрэхгүй атлаа тэд дэлхийн томоохон эзэнт гүрнүүдтэй эн зэрэгцэж, өрсөлдөж буй нууц нь юу вэ? Нууц нь ердөө:
ТУУШТАЙ БАЙДАЛ=ШАРГУУ ХӨДӨЛМӨР+САХИЛГА БАТ
Тэдний яагаад бусад үндэстэнгүүдээс ялгарч, амжилтанд хүрж ЦОЙЛДОГ талаар энэ номонд хэд хэдэн бодит түүх, судалгаан дээр үндэслэн бичсэн байдаг. Еврей үндэстэнгүүдийн бусад бүх үндэстэнгүүдээс ялгардаг хэд хэдэн чанарыг судлаачид олон жилийн турш эргэцүүлж, судалсны үндсэн дээр тэдний ямх ямхаар өөрт хэрэгтэй дадал зуршлыг хуримтлуулан цуглуулах заншилтайг олж мэджээ.Тэд амжилтаа бага багаар хуримтлуулсаар, хурдан ч биш удаан ч биш урагшилсаар том өөрчлөлтийг дагуулж чаддаг.
Номны эхний бүлэг дээрх тууштай байдлыг өөртөө хэрхэн суулгах талаар бичсэн баримт судалгаанууд нь их таалагдлаа. Мөн хамгийн сүүлийн бүлэг болох 4-р бүлэг дээрх Еврей хүмүүсийн багаас нь хэвшсэн дадал болох номын соёл болон алдаанаас айхгүй байх дадлууд хүн болгонд байх ёстой чанар гэж бодлоо. 2,3-р бүлгээс Еврейчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барил, сургамжит түүхүүдээс суралцах зүйл их байсан учир бага насны хүүхэдтэй хүмүүс уншвал зүгээр санагдлаа.
Номоос сурч авсан 5 зүйл:
- Хуримтлагдах амжилт
Еврейчүүд амжилтыг тасралтгүй өрнөдөг үйл явц гэж хардаг. Өдөр бүр 30 минут ном унших, дасгал хөдөлгөөн хийх, бага багаар мөнгө хуримтлуулах гээд тэд ямар ч зүйлийг их ч биш, бага ч биш гол нь өдөр бүр хийх чанарыг өөрсддөө бүрэн дүүрэн суулгаж чадсан байдаг. Амьдралд ямар ч саад бэрхшээл тулгарсан, тэд хийсээр л байдаг. Урам зориггүй, хүсэлгүй үедээ ч тэд тасралтгүй хийж чаддаг. Энэ гайхамшигт чанарыг тууштай байдал гэж нэрлэдэг. Богино хугацаанд нэг дор асар их үр дүнд хүрнэ гэж хүлээдэг “Азтаны сэтгэхүй”-ээс салах хэрэгтэй.
2. Тууштай байдал нь шаргуу хөдөлмөр, сахилга бат хоёрын үр дүн юм.
Тууштай байдал гэдэг нь зөвхөн тасралтгүй хөдөлмөрөөр хэмжигдэхгүй. Хэрвээ бид сахилга батыг шаргуу хөдөлмөртэй нийлүүлэхгүй аваас цоорхой хувинг усаар дүүргэж байгаатай адил үр дүнг харах болно. Сахилга бат нь богино хугацааны таашаалаас татгалзаж, урт хугацааны төлөвлөгөөгөө баримталсаар үлдэх үнэнч занг хэлдэг.
3. Боловсролыг чухалчил
Еврей эцэг эх хүүхдээ, үр хойчоо боловсролтой байлгахын тулд бүх зүйлээ зориулдаг. Багаас нь ном унших дадлыг суулгаж, сэтгэх эрх чөлөөг олгож, академик боловсрол эзэмшүүлж, эрдэм мэдлэгийн төлөө шамдуулж сургадаг. Өндөр боловсрол эзэмшиж, тууштай чанарыг шүтсэн хүн амжилтанд хүрэх нь гарцаагүй.
“Тархиа хэдий сайн ажиллуулна нуруу төдий чинээ амарна.”
4. Ном унших дадал
Еврейчүүдийн бусад бүх үндэстэнгүүдээс ялгардаг өндөр IQ нь төрөлхийн бус ердөө ном унших дадлаас үүдэлтэй гэдгийг судлаачид баталжээ. “Номын үндэстэн” гэх хочтой Еврейчүүд номын зах зээлийн хамгийн том хэрэглэгчид бөгөөд номонд асар их хөрөнгө оруулалт хийдэг юм. Тэд ном уншдаггүй хүмүүсийг гэмт хэрэгтэнтэй зүйрлэх агаад айл бүрт номын сан байх ёстой гэдэг бичигдээгүй хуультай. Учир нь ном хүний оюун ухааныг төсөөллөөр нь дамжуулж хязгааргүй тэлж өгдөг.
5. Алдах эрх чөлөөтэй бай!
Еврейчүүд алдахыг буруу зүйл гэж боддоггүй харин ч магтан сайшаадаг. Алдаа хийхгүй байхаас илүү аюултай зүйл бол юу ч хийхгүй байх. Хөдөлмөрлөсөн хүн алддаг, бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрч, алдаанаасаа суралцаж, түүнийг даван гарах зоригтой байж гэмээнэ амжилтын үзүүрээс атган авна. Алдсан ч, бүтэлгүйтсэн ч хичээл зүтгэлээ алдалгүй тууштай хөдөлмөрлөх нь Еврейчүүдийн мөн чанар гэлтэй.
Зарим хүмүүс энэ номын зохиолчийг зохиосон гэхээсээ илүү судалгаа, баримтыг цуглуулж бичсэн гэж нилээн шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Миний хувьд бол ялангуяа эхний бүлгээс суралцах зүйл их байлаа, мөн номын дунд тааралдах бодит түүхүүд нь номыг уншихад илүү сонирхолтой болгож өгсөн учир 4 оноо өглөө. Хүн бүр ялангуяа тууштай чанарыг өөртөө суулгая гэж бодож байвал заавал уншаад үзээрэй!
“Ажиллаагүй булчин агшиж, ашиглагдаагүй оюун ухаан зэвэрч байдаг.”