Аватарын эх нутаг Zhangjiajie || Заавал үзэх 5 газар

Michelle Elleh
5 min readJun 30, 2018

--

Та нарт аялаж үзэхийг хүсдэг газруудын Bucket list байдаг л биздээ? Жил бүр дор хаяж очиж үзэж байгаагүй нэг газарлуу явж байх гэсэн зорилгынхоо дагуу энэ оны 5 сард Bucket list-нд маань байдаг Хятадын Zhangjiajie хот руу аялаад ирлээ. Аяллын явцдаа бичсэн тэмдэглэл, мэдсэн зүйлүүдээ блогтоо бичихээр шийдлээ. Та бүхэн бас энэ газар луу аялахаар зэхэж байгаа бол хэрэгтэй мэдээллээ олж авна гэж найдаж байна.

Хятадын Hunan (湖南) мужид байрлах байгалийн үзэсгэлэнт газруудаар баялаг, бидний сайн мэдэх Аватар киноны зураг авалт хийгдсэн Zhangjiajie (张家界) нь жуулчдыг ихээр татаж буй аялал жуулчлал өндөр хөгжсөн хот юм. Zhangjiajie хотын аялал жуулчлалын хэсэг нь ерөнхийдөө 2 хэсгээс бүрдэнэ. Хотын төв хэсэгт Tianmen mountain буюу Тэнгэрийн хаалга уул байрладаг. Хотоос ойролцоогоор 30 км зайд байрлах Wulingyuan хэмээх газарт National forest park буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Баофэн нуур, Grand canyon with Glass bridge буюу дэлхийн хамгийн урт шилэн гүүр, Шар лууны агуй гэх мэт жуулчдын ихээр очдог алдартай газрууд нь байдаг. Zhangjiajie хот нь 1,500,000 гаран хүн амтай, жилийн 365 өдрийн 220 өдөр нь бороо, манантай байдаг их чийглэг уур амьсгалтай хот юм.

1. Үндэсний ойн хүрээлэн, National Forest Park (国家森林公园)

Wulingyuan scenic area-д байрлах энэхүү ойн хүрээлэн нь 1992 онд дэлхийн Юнескогийн өвд багтсан 26'400 га хэмжээтэй, олон төрлийн ургамалаар баялаг, алтан гургалдай, заар, гүрвэл бас сармагчин маш их байдаг. Энд үзэх чухал үзмэрүүд нь Tianzi уул, 10 miles gallery, Yuanjiajie, Avatar Hallelujah уул, Huangshizhai буюу шар хадны тосгон гэх газрууд юм. Энэхүү ойн хүрээлэн нь маш том тул нэг өдөр үзээд дуусахгүй. Ийшээ орох тасалбарын үнэ нь 245¥ (93'100₮)бөгөөд 4 өдрийн хүчинтэй. Мөн дотор нь хаашаа явах гэж байгаагаас шалтгаалаад cable car, лифт, автобусны мөнгө тусдаа төлөгдөнө гэдгийг анхаараарай. Дотор нь байдаг тусгай чиглэлтэй хүрээлэнгийн автобус үнэгүй. Tianzi уулнаас сонирхолтой хэлбэртэй эгц чулуун хад, уулуудыг харж болохоос гадна ямар үед аялж байгаагаас шалтгаалан өөр өөр байгалийн үзэмжийг харах болно. Энд нийт 3 өөр төрлийн cable car (72¥), Baofeng лифт (72¥) зэрэгт суух сонголтууд байгаа. Би хятад хоолонд тийм ч сайн биш болохоор аяллын туршид түргэн хоол идсэн. Энэ хүрээлэн дотроо Mc’Donalds, KFC байгаа.

2. Шар хадны тосгон, Yellow stone village (黄石寨)

Zhangjiajie-д очиход хаа сайгүй Huangshizhai-д очиж үзээгүй бол өөрийгөө Zhangjiajie-д ирсэнд бүү тооц гэсэн үгийг олж харах болно. Гэхдээ Huangshizhai-руу явах зам байхгүй дөнгөж баригдаж байгаа болохоор тээврийн тал дээр асуудалтай. (Миний бодлоор зам нь очиход асуудалтай болохоор албаар их хүн очуулах гэсэн маркетингийн санаа юм шиг санагдсан.) Гэхдээ очсон хойно үзэх юм ихтэй. Энд маш олон сармагчинтай тааралдсан. Анх их хөөрхөн харагдсан боловч идэж уух зүйлээ хар торонд, эсвэл цүнхэнд сайн далд хийж орохгүй бол том сармагчингууд нь булаадаг юм байна лээ. (Өмнө нь хүмүүс анхааруулж байсан ч тэрийг нь нэг их хайхраагүй идэж уух юмаа цагаан торонд хийж орсноос болоод сармагчин над руу дайрсан 🐵 😅) Эндхийн cable car нь бас тусдаа үнэтэй. Бусад газраа бодвол хүн арай бага очдог, их тайван санагдсан.

“He who does not reach Huangshizhai does not pay a true visit to Zhangjiajie.”

3. Шилэн гүүр, The Grand Canyon and Glass bridge (大崍谷玻璃桥)

Энэхүү их хавцал дундуур барьсан алдарт шилэн гүүр нь 430 м-ийн урттай, 300 м-ийн өндөрт байрладаг. Билетийн хувьд зөвхөн хавцалаар явах нь 118¥, Шилэн гүүр нь 138¥. Энд хоёулангий нь цуг 256¥ -аар авсан нь дээр. Нийт 3–4 цаг зарцуулна. Аан, бас энд мэргэжлийн камер оруулдаггүйг анхаараарай!(Орохоосоо өмнө тээш хадгалуулдаг хэсэгт хадгалуулах.) Миний хувьд хамгийн их таалагдсан газар нь энэ хэсэг байсан. Шилэн гүүр нь бичлэгэн дээр харагддаг шиг аймар мэдрэмж төрүүлдэггүй, энгийн л шилэн гүүр шиг санагдсан. Гэхдээ алхам тутамдаа л Хятадуудын хийсэн энэ том бүтээн босголтыг гайхан биширч явлаа. Шилэн гүүрнээс буугаад хадан хавцал дундуур тусгай хадаа налуулж барьсан гүүрэн дээгүүр явсан. Энэ хэсгийн байгаль, үзэмж, агаар гээд бүх зүйл үнэхээр их таалагдсан. Дундуур урсаж байгаа гол нь номин ногоон өнгөтэй, бас хүрхрээтэй. Маш олон төрлийн мод, ургамалтай. Жинхэнэ л байгалийн бүх юм нь бүрдчихсэн баян бүрд шиг санагдсан. Бас агуй дундуур нэг хэсэг явж байгаад, хамгийн сүүлд завиндаа суугаад гарах гарцдаа ирнэ.

4. Тэнгэрийн хаалга, Tianmen mountain (天门山)

Гурав дахь өдрийн өглөө 6 цагт автобусаар яваад Тэнгэрийн уулан дээрээ ирэв. Орох тасалбарын үнэ (258¥) Tianmen уул нь Zhangjiajie хотынхоо өмнө хэсэгт байрладаг, 1519 метрийн өндөртэй, 10 км квадрат талбайг эзэлдэг. Энд дэлхийн хамгийн урт, 7455 м урт, 1279 м өндөрт хүрэх, 98 бүхээг бүхий cable car байгаа. Уулнаасаа шууд хотын төврүүгээ хүрдэг. (70¥ нэг тал) Уулруугаа гарахдаа шууд cable car-д суулгүйгээр эхлээд үйлчилгээний автобусаар алдарт 99 мушгиа замаар дээш яваад дээрээс буухдаа cable car-даа суугаад буусан нь дээр. Тэгээд яг тэнгэрийн хаалга уулныхаа доор ирнэ. Энд зургаа авхуулж, тэнгэрийн хаалгаа яг доороос нь харах боломжтой. Би бага зэрэг манантай үед очсон болохоор эхэндээ хаалга нь харагдахгүй бүрхэгдчихсэн байсан. Дээшээ гарах 999 шат нь доороос харахад их амархан харагдсан боловч яг авирахаар маш их ядардаг юм байна лээ. Тэнгэрийн хаалгаараа гарсны дараа цаашаа маш урт, олон цахилгаан шатаар явж байж яг уулынхаа оргилд хүрнэ. Мөн хад дагаж барьсан гүүрээр алхаж, тодорхой хэсгүүдэд очиж эргэн тойрноо үзнэ. Энд гурван ч шилэн гүүр байгаа, тус тусдаа үнэтэй. (5¥) Доошоо cable car-р буугаад бүр анх ирсэн хотын төвдөө байдаг орох хэсэг дээрээ ирэв.

(Бид хоёрыг очдог үед нилээн манантай байж таараад ТЭНГЭРИЙН ХААЛГА-аа сайн харж чадаагүй. Гэхдээ жоохон байж байгаад манан нь арилсан.) ⬇️⬇️⬇️ 😃

5. Шар лууны агуй, Yellow dragon cave (黄龙洞)

Шар лууны агуй нь Wulingyuan-д байрладаг дэлхийн гайхамшигт агуйнуудад зүй ёсоор тооцогддог, маш үзэсгэлэнтэй агуй юм. Хиймэл олон өнгийн гэрэл суулгаж өгсөн нь агуйгаар явахад илүү сонирхолтой харагдуулдаг. Шар лууны агуйг үзэхэд ойролцоогоор 2–3 цаг зарцуулах бөгөөд дотроо завинд сууж мөн нилээн олон шат, гүүрээр дамжин алхана. Dragon Palace, Fairy Palace, Immortal Waterfall, Xiangshui гол зэрэг үзмэрүүд нь алдартай. Орох тасалбар 100¥.

Дараагийн постоороо Zhangjiajie-д аялахдаа хэрхэн аяллын хөтөлбөр гаргах, маршрут, аяллын зардал, зөвлөгөө зэргийг хүргэх болно оо! Энд дарж үзнэ үү!

--

--

Michelle Elleh
Michelle Elleh

Written by Michelle Elleh

Mongolian girl who loves Skin care, Books, Tech, Life hacking, Productivity, Travel, Fitness, Healthy Lifestyle. On top of that I am deeply connected to music.

No responses yet