Батга гарах шалтгаан, хэрхэн эмчлэх вэ? || Арьс арчилгаа 101
Бидний арьсанд нүх сүв гэж нэрлэгддэг жижиг жижиг нүхнүүд байдаг бөгөөд тэдгээр нь илүүдэл тослог, бактери, арьсны үхжсэн эд эсүүд, гадны бохирдол зэргээс болоод бөглөрч байдаг. Үүнээс болоод арьсны нүх сүвүүд бохирдож, бөглөрч улмаар үрэвссэнээр батга үүсдэг байна. Америкийн арьс судлалын академийн мэдээлснээр батга нь АНУ-д хамгийн түгээмэл тохиолддог арьсны өвчин юм. Хэдийгээр батга нь хүний амь насанд аюултай өвчин биш ч гэсэн хүндэрч идээлсэн батгууд нь өвдөлт ихтэй байдаг. Батга нь мөн хүмүүсийг сэтгэл санааны хямралд ч хүргэж болзошгүй байдаг. Нүүрэн дээр гарсан батга нь бидний өөртөө итгэлтэй байх байдалд ч бас нөлөөлж байдаг бөгөөд нүүрний арьсан дээр сорви үлдээж байдаг. Мэдээж батгаа эмчилж, эдгээхийн тулд бид нар хамгийн түрүүнд ямар төрлийн батга гарсныг тодорхойлон, яг юунаас болж батга гараад байгаа учир шалтгааныг нь олж мэдэх шаардлагатай.
Батга нь хүний биеийн бүх хэсэгт гарч болдог ч ихэвчлэн нүүр, хүзүү, нуруу цээжний хэсэгт гардаг. Батга нь дотроо маш олон төрөл байдаг бөгөөд бидний сайн мэдэх хар батга (blackheads), цагаан батгыг (whiteheads) comedones буюу комедон гэж нэрлэдэг. Арьсны өнгөн давхарга дээрх байрлах батга нь агаартай урвалд орж исэлдснээр хар өнгөтэй болж хувирдаг. Үүнийг бид хар батга гэж нэрлэдэг. Харин цагаан батганы хувьд бидний арьсны доор үүсдэг болохоор цагаан харагддаг юм. Хар болон цагаан батганаас гадна үрэвслийн түвшингээсээ шалтгаалан батгууд нь өөр өөр төрөлд хуваагддаг.
Papules буюу Гүвдрүүт батга нь үсний уутанцрын үрэвсэл бөгөөд халдвараар үүсгэгдсэн жижиг, улаан, овойсон гүвдрүү юм.
Pustules буюу Идээт батга нь мөн адил жижиг, улаан, үзүүр нь идээтэй байдаг.
Nodules буюу бөөгнөрсөн Зангилаат батга нь маш хатуу, зовиуртай, арьсны өнгөн хэсэгт үүссэн бөөгнөрөл юм.
Cysts буюу цист батга нь арьсны доор байрлах салтс идээтэй хөндийт үрэвсэл бөгөөд маш их өвдөлттэй байдаг.
Батга гарах шалтгаан
Бид бүгд арьсны нүхийг илүүдэл тослог, үхжсэн арьс, бактер бөглөснөөс үүдэж батга гардагийг мэдэж авсан. Арьсны нүх сүв болгон дотроо үс болон тослог булчирхай агуулсан үсний уутанцартай байдаг. Тэр тослог булчирхай нь себум гэж нэрлэгддэг тослогийг ялгаруулдаг бөгөөд энэ нь үсний уутанцарт байрлах үс болон нүхээр дамжин арьсны гадаргуу дээр очсноор арьсыг чийгээр хангаж, толигор байлгах үүрэгтэй юм. Энэхүү себум нь арьсыг чийгшүүлэх явцад нэг эсвэл хэд хэдэн асуудал нь батга үүсгэдэг.
- Үсний уутанцраас хэт их тослог ялгарах
- Арьсны үхжсэн эд эс арьсны нүх сүвийг бөглөх
- Арьсны нүх сүвд бактер үүсч, үрэвсүүлэх
Дээрх асуудлууд нийлж бөглөрсөн нүхэнд бактери үүсч, тослог булчирхайнаас гарч буй тос үсний уутанцраас гарч чадахааргүй болсноор батга үүсдэг байна. Үүнээс гадна доорх 4 шалтгаан батга гарах үүсвэр болж байдаг.
1. Бэлгийн бойжилт эсвэл жирэмслэлтээс үүдэлтэй дааврын өөрчлөлт
2. Зарим төрлийн эм (жирэмслэлтээс хамгаалах эм г.м)
3. Сахар, нүүрс ус хэт их агуулсан хооллох зуршил (талх, чипс г.м)
4. Эцэг эх нь батгатай байх үед, удамшлын нөлөөгөөр
Арьсаа зөв тогтмол цэвэрлэж гуужуулснаар бохирдлоос үүссэн батгыг 2–4 долоо хоногийн дотор алга болгож болно. Гэвч та арьсаа өдөр тутамдаа арчилж, бохирдолоос сэргийлсэн ч батга гарсан хэвээр байвал гормон, дааврын өөрчлөлтөөс болж гарч байж магадгүй тул заавал мэргэжлийн эмчид хандаж батга гарах шалтгааныг тодруулах хэрэгтэй.
Батгыг хэрхэн эмчлэх вэ?
Гэрийн нөхцөлд батга цэвэрлэх аргууд:
- Өдөр тутамдаа pH зөөлөн (5.0–6.0) савангаар арьсны илүүдэл тослог, бохирдолыг цэвэрлэж байх
- Үсээ тослогтохоос сэргийлж, ойр ойрхон угааж арьснаасаа аль болох хол байлгах
- Нүүрээ будахдаа арьсны нүх бөглөхөөс сэргийлсэн (noncomedogenic), усан суурьтай бүтээгдэхүүнүүд хэрэглэх
- Гарсан батгыг өөрөө шахснаар бактер болон илүүдэл тослогийг үржих тараах эрсдэлтэй тул өөрөө шахахгүй байх
- Арьсандаа бохир гараараа хүрэхгүй байх
- Дасгал хөдөлгөөн хийсний дараа тогтмол шүршүүрт орох
- Стрессээ багасгаж, дасгал хөдөлгөөн хийх
- Өөх тос, нүүрс ус өндөртэй хоол хэрэглэхгүй байж, эрүүл хооллох
- Аль болох их унтаж амрах
Эмчилгээ: Хэрвээ гэрийн нөхцөлд батга цэвэрлэх аргууд үр дүнгээ өгөхгүй байвал жороор олгодоггүй эмийн эмчилгээг хэрэглэх, эсвэл мэргэжлийн эмчид хандаж эмийн жор бичүүлж авах хэрэгтэй.
- Benzoyl peroxide-ийн найрлага агуулсан бүтээгдэхүүнүүд батга үүсгэж буй бактерийг устгаж, батга гарахаас сэргийлдэг.
- Салицилийн хүчил буюу бидний мэддгээр BHA нь арьсны нүх сүв бөглөрхөөс сэргийлж, үхжсэн эд эсийг гуужуулж өгдөг.
- Himalaya брэндийн Neem (нэмэлт бүтээгдэхүүн, жоргүй олгогддог) болон Talect (эмчээс заавал жор авна) бүтээгдэхүүнүүд нь дотроо нян, вирусийн эсрэг үр дүнг үзүүлж, батга үүсгэгч бактерийг устгаж, үрэвслийг намдаах орц агуулсан байдаг.
- Дааврын өөрчлөлтөөс гарч буй батгагд эмэгтэйчүүд эсвэл дотоод шүүрлийн булчирхайн эмч нар жирэмснээс хамгаалах эм (birth control) эсвэл дааврын хавсарсан бэлдмэл санал болгодог.
- Арьс гоо заслын эмнэлэгүүдэд байдаг цэнхэр гэрлийн эмчилгээ болон chemical peel (химийн гуужуулалт)-ын үйлчилгээнүүд нь мөн арьсны үхжсэн эд эсийг гуужуулж гадаргууг цэвэрлэж батга гарах, түүнчлэн батганы дараах сорвийг бүдгэсгэхэд тусалдаг.
Батгаа гарвал аль болох эрт арга хэмжээ авч, эмчилснээр батганы дараах сорви, батгыг улам илүү үрэвсэхээс сэргийлж чадна. Ихэнх хүмүүсийн үед 6–8 долоо хоногийн дотор батгыг арилгах боломжтой боловч маш их үрэвсэлтэй, хүндэрсэн батгууд нь илүү хугацаа шаарддаг гэдгийг ойлгоорой.