Гормоны батга (Hormonal acne) гэж юу вэ? Хэрхэн эмчлэх вэ?

Michelle Elleh
5 min readJan 25, 2021

--

Гормоны батга нь яг л сонсогдож байгаатайгаа адилхан гормоны тэнцвэргүй байдлаас болж гарч буй батгыг хэлдэг. Ихэвчлэн бэлгийн бойжилт явагдаж буй өсвөр насныханд тохиолддог боловч насанд хүрсэн хүмүүст ч, ялангуяа эмэгтэйчүүдэд мөн адил гормоны батга гарсаар байдаг. Судалгаагаар 20–29 насны эмэгтэй бүрийн 50% нь, 40–49 насны эмэгтэй хүн бүрийн 25% нь гормоны батгатай байдаг гэж гарсан байдаг. Энэ нь мэдээж эмэгтэйчүүдийн сарын тэмдэг болон цэвэршилттэй холбоотойгоор гарч байдаг. Мөн насанд хүрэгчдийн батга нь дан ганц даавраас болж үүсдэггүй бөгөөд дааврын тэнцвэргүй байдал нь батгашилтанд нөлөөлөх гол хүчин зүйл болдог юм.

Өсвөр насныхны хувьд гормоны батга нь ихэвчлэн дух, хамар, эрүүгээр буюу T-zone-оор гарж илэрдэг. Зарим тохиолдолд цээж, нуруугаар гарч болдог. Харин насанд хүрэгчдийн хувьд дааврын тэнцвэргүй байдлаас болж батга гарах бөгөөд доорх зүйлүүдийн улмаас эмэгтэйчүүдийн даавар тэнцвэргүй болдог байна:

  • Сарын тэмдгийн тогтворгүй байдал
  • Polycystic ovarian syndrome буюу Олон уйланхайт хам шинж
  • Цэвэршилт
  • Андроген (эрэгтэй даавар) дааврын илүүдэл

Эдгээр дурдсан зүйлсээс шалтгаалсан дааврын тэнцвэргүй байдлаас болж бидний биед доорх шинж тэмдгүүд илэрдэг:

  • Арьс үрэвсэлтэй болох
  • Арьсны нүхэн дэхь тослог болон себумийн хэмжээ ихсэх
  • Үсний уутанцар үхжсэн эд эсээс болж бөглөрөх
  • Бактераас үүдэж батга гарах

Хэрвээ таны нүүрэн дээр гарч буй батга даавраас үүдэлтэй бол хэрхэн эмчлэх вэ?

Таны батга дунд зэргийн биш л бол энгийн гоо сайхны бүтээгдэхүүнээр батгаа эмчилнэ гэдэг боломжгүй зүйл юм. Учир нь даавраас үүдэлтэй батга нь ихэвчлэн толгойгүй, арьсан доороо идээтэй cyst хэлбэрийн батга байдаг. Тийм учраас дотроосоо давхар эм ууж, дотроосоо гаднаасаа давхар батгыг эмчлэх хэрэгтэй болдог.

Мэдээж та даавраас үүдэлтэй батгашилттай бол заавал эмэгтэйчүүдийн эмч эсвэл дотоод шүүрлийн мэргэжлийн эмч нарт хандаж яг юунаас болж батга гараад байгаагаа олж тогтоох нь хамгийн чухал. (Арьсны эмч нар батгыг хараад даавраас үүдэлтэй гэдгийг хэлж оношлохоос биш эмчлэх арга замын тухайд эмэгтэйчүүдийн эмч эсвэл дотоод шүүрлийн эмч нарт хандвал зүгээр байдаг) Миний хувьд PCOS-оос болж батга гардаг бөгөөд төрөлхийн эрэгтэй даавар болох андрогений түвшин өндөр, эмэгтэй даавар хангалттай ялгарахгүйгээс болоод батга гардаг. Энэ үед эрэгтэй дааврыг (тестестерон) дарангуйлах эм бэлдмэл эсвэл эмэгтэй дааврыг (эстроген, прогестерон) нэмэгдүүлэх дааврын хавсарсан бэлдмэл хэрэглэх нь үр дүнтэй байсан. Миний хувьд Duphaston (синтетик прогестин даавар), Yarina/Yatz (эстроген, прогестин дааврын хавсарсан бэлдмэл) зэрэг эмнүүдийг хэрэглэж байсан.

Гэхдээ та эдгээр эмнүүдийг дур мэдэн хэрэглэж болохгүй бөгөөд заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр хэрэглэвэл зохимжтой!

Мөн хүн болгоны дааврын зохицуулалт харилцан адилгүй учир жирэмснээс хамгаалах эм (birth-control) уусан ч батга арилахгүй байх тохиолдол байдаг. Дээрээс нь дааврын синтетик бэлдмэлүүд удаан хугацааны турш хүний өөрийнх нь натурал дааврыг дарангуйлж байдаг тул аль болох эрүүл аргаар, өөрийнхөө дааврын зохицуулалтыг сайжруулах нь хамгийн үр дүнтэй арга юм.

Гормоны батгыг хэрхэн байгалийн аргаар эмчлэх вэ?

Миний хувьд дээрх хавсарсан дааврын бэлдмэлийг ууж байсан ч энэ арга нь урт хугацаандаа сөрөг үр дагавар өгч байсан учраас (ялангуяа сэтгэлзүйн хувьд) байгалийн аргаар даавраа тэнцвэржүүлэх аргыг судалж, сонгосон.

Даавраас үүдэлтэй батгыг гаднаасаа зөв орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж, давхар амьдралынхаа хэв маягийг өөрчилснөөр эмчлэх боломжтой юм.

Миний хувьд сар бүр эмчтэйгээ уулзаж зөвлөгөө авдаг учраас эмчийнхээ зөвлөсөн зүйлийг та бүхэндээ мөн хуваалцъя гэж бодлоо.

  1. Хүний даавар унтаж байхад, ялангуяа тархи амарч байхад хамгийн ихээр ялгардаг тул орой бүр 22:00 цагт унтаж байх. Сайн унтаж амрах нь дааврын зохицуулалтыг хэвийн байлгахад маш ихээр нөлөөлдөг.
  2. Хүний биед ялгарч буй бүх дааврууд өнчин тархи (pituitary gland)-аас ялгардаг бөгөөд хүний тархи тайван, ачаалалгүй үедээ дааврыг маш сайн үйлдвэрлэж байдаг. Тийм учраас бясалгал, иога хийж, тархиа сайн амрааж байх хэрэгтэй.
  3. Дасгал хөдөлгөөн хийх. Дасгал хөдөлгөөн хийхийг хүмүүс заавал өглөө босч гүйх, фитнесээр хичээллэх гэж ойлгоод байдаг. Гэвч өдөр тутамдаа бага хугацаагаар дасгал хөдөлгөөн хийх нь серотонин, эндорфин (аз жаргалын даавар) зэрэг даавруудыг нэмэгдүүлж бусад дааврын ялгаруулалтыг ч нэмэгдүүлж байдаг. 7 min workout app-ийг татаж аваад өдөрт 7хон минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулаарай!
  4. Мэдээж эрүүл хоол хүнс бүх зүйлд чухал байдагтай адил дааврыг зохицуулахад ч мөн чухал үүрэг гүйцэтгэдэг. Ургамлын гаралтай хоол хүнс нь антиоксидантаар баялаг учир батганы үрэвслийг бууруулж өгдөг. Мэдээж түргэн хоол, өөх тостой хоол нь дангаараа батга үүсгэх хүчин зүйл болохгүй ч, хэтрүүлж хэрэглэснээр батга үүсгэх бактер, тослогийг нэмэгдүүлж байдаг. Тийм ч учраас сахар, сүү сүүн бүтээгдэхүүн, нүүрс усны хэмжээгээ хязгаарлаж, тэнцвэртэй хооллох нь чухал юм.
  5. Нэмэлт бүтээгдэхүүн. Миний хувьд Omega-3 болон Д витаминийг өдөр бүр уудаг. Үүнээс гадна Spirulina, Vitex (Chastberry), Пробиотик зэрэг бүтээгдэхүүн биеийг хоргүйжүүлж, дааврыг тэнцвэржүүлэхэд тусладаг.
  6. Цөсөө цэвэрлэх. Хэрвээ та цөсний чулуугүй (мэдээж бас л мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай! Цөсний чулуутай бол гэрийн нөхцөлд цөсөө цэвэрлэж болдоггүй шүү!) бол цөсөө жилдээ нэгээс хоёр удаа цэвэрлэж байх нь арьсыг цэвэрхэн байлгах, мөн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахад маш их хэрэгтэй. Цөсөө цэвэрлэсий дараа бие хөнгөрөөд, арьс ч дотроосоо гэрэлтээд ирдэг.
  7. Ургамлын гаралтай цай уух. Chamomile, Spearmint болон ногоон цай нь сарын тэмдгийн мөчлөгийн асуудал, тархины үйл ажиллагаа мөн дааврын зохицуулалтад тусалж байдаг. Өөрийнхөө уудаг, мөн монголд олох боломжтой цайнуудын зургийг доор орууллаа.

Үүүнээс гадна арьс арчилгааны хувьд гаднаасаа арчлах хэрэгтэй:

  • Өглөө оройдоо нүүрээ сайн цэвэрлэх
  • Өдөр бүр нарны тосоо түрхэх
  • Батга гарсан хэсэгтээ spot treatment, батга хатаагч бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэх
  • Долоо хоногт 1–2 удаа зөөлөн гуужуулагчаар гуужуулах (peeling gel, AHA/BHA)

Эцэст нь хэлэхэд амьдралын хэв маягаа эрүүл болгож, сайн унтаж амарч, тархиа амрааж байх нь зөвхөн дааврын зохицуулалт, батгыг эмчлэхээс гадна биеийн ерөнхий эрүүл мэнд, эд эрхтний тогтолцоог маш их сайжруулж байдаг.

Хэдий хугацаанд батгаа арилгах вэ гэсэн асуултанд хариулахад: Миний хувьд 2017,18 онд батга бүр маш их гарж, гол учрыг нь ойлгохгүй олон жил, сар хий дэмий бүтээгдэхүүнүүд хэрэглэж, хүмүүсээс янз бүрийн юм сонсож, өлөнгөөр нүүрээ арчих (энэ бүр хамгийн болохгүй зүйл шүү!!!) гэх мэт батгаа улам хүндрүүлсэн. Тэгээд 2018 оны сүүлээр эмчтэйгээ ярилцаж, өөрөө нилээн судалсны үндсэн дээр 2019 оны зун гэхэд арьс маань хамгийн гоёоороо, батга гарахгүй болж эхэлсэн. Одоо ч гэсэн хааяадаа нойр дутуу байх, стрессдэхээс болоод батга гарж л байдаг. Энэ үедээ харин сайн унтаж амарч, аль болох өөрийгөө ядраахгүй мөн зөв орц найрлагатай бүтээгдэхүүнээ ашиглаад батгаа бага дээр нь дарж авдаг.

За тэгээд батганаас салах нь ердөө 7 хоног, нэг сарын ажил биш гэдгийг санаарай! Тууштай байж, биеэ гаднаасаа ч дотроосоо ч эрүүлжүүлэх нь батгаа арилгахад маш чухал юм шүү~

--

--

Michelle Elleh

Mongolian girl who loves Skin care, Books, Tech, Life hacking, Productivity, Travel, Fitness, Healthy Lifestyle. On top of that I am deeply connected to music.